Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Тэр өдөр манай гэр бүлийнхэнд дахин угтмааргүй уйтгартай оройн хоол болж байлаа. Ерөөл хэлэх шинэ жилийн хонхны дууг сонсонгоо бүгд дуу чимээгүй хоолоо идэцгээн, аав сахлаа ч хусаагүй тэр чигтээ шарсан талхыг амандаа хүргэх төдий байв. Манай гэрийнхэн дунд оройн мөргөлд очих хүн нэг ч байсангүй. Амаа нээх хүн ч байсангүй. Хүүхэд есүс мэндэлсэний ерөөл өгөх өдөр нь манай гэрийнхэнд оршуулгын өдөр шиг байлаа.
Аав нь малгайгаа лав өмсөөд ерөөлийн ганц үг хэлэлгүйгээр углаашаа угласан чигтээ гараад явчихлаа. Хөгжилтэй Крисмас ч хийж чадахгүй байгаа аавын сэтгэлийг бага ч гэсэн ойлгож байлаа.
Диндиня эмээ алчуураа гарган нулимсаа арчингаа Эдмонд ахыг явья гэлээ. Эдмонд ах Дугдуга ах бид хоёрын гарт 500 рэигийн зоос атгуулан илүүг өгч чадахгүйдээ харамсах адил бидний толгойг илж өглөө. Хотод байгаа хүүхдүүддээ өгсөн ч байж магадгүй юм. Би ахыг тэвэрлээ. Тэр нь Крисмасын өмнөх оройн цорын ганц тэврэлт. Хэн ч хөгжилтэйгээр баяр хүргэх юмуу тэврэлтийг хийсэнгүй. Ээж чимээгүйхэн өрөөнөөс гарлаа. Тэрээр нуугдаад уйлж байгаа байх. Бусад нь ч бүгд унжгар байлаа.
Рара эгч Эдмонд ах, Диндиня эмээг үүд хүртэл үдэж өгөв. Тэгээд хоёр хүний гадаад байдлыг харан бувтналаа.
Диндиня эмээ удахгүй дэгээ.
Чив чимээгүй өнгөрч байгаа Крисмасын өмнөх оройг аз жаргалтай хоолойгоор холын холд цуурайтуулж байгаа сүмийн том хонх биднийг илүү их хүнд чимээгүйгээр хөөлөө. Шөнийн тэнгэрт асааж тавьсан үй олон очнууд нь өөр хүмүүсийн төлөө л юм шиг харагдлаа. Гэрт ормогц Кларра эгч болон Жандира эгч нар аяга тавгаа угааж байх ба улайж цус хурсан нүдээ харуулахгүй гэж яагаа ч үгүй мэт царайлан Дугдуга ах бид хоёрт хэллээ.
За, одоо хүүхдүүд унтах цаг. Хурдан унтацгаа.
Ингэж хэлэх мөртлөө Кларра эгч хэдийн их уйтгар гунигыг амсаж үзсэн бидэнд ч одоо жирийн хүүхэд биш гэдгээ ойлгох мэдлээ. Энэ уйтгар нь цахилгааны компаниас гэрэл таслаад оронд нь тавьсан бөхөж яваа дэнгүүдээс болсон байх. Хамгийн аз жаргалтай хүн нь гараа хөхөн унтсан нялх хатан хаан Рүис байв. Би тэр золигийн хөлд унагаа тавьж өглөө. Өхөөрдмөөр Рүис. Би түүний толгойг илэнгээ голын ус урсах адил зөөлнөөр шивнэлээ.
Хүүхэд золиг оо.
Гэр дотор нилэнхүйдээ харанхуйд умбан, би аяархан асуулаа.
Талх амттай байсан, тийм үү ах аа?
Мэдэхгүй. Нэгийг ч амандаа хүргээгүй.
Яагаад?
Хоолойнд юм тээглээд юу ч давсангүй. За, унтацгаая. Унтвал бүгдийг мартах болно.
Би орноосоо бослоо.
Хаашаа явах гэж байна, Жэжэ?
Хаалганы гадаа гутлаа тавьж орхиё.
Больсон нь дээр дээ.
Тэглээ ч гэсэн тавиад үзье. Бэлэг авмаар байна. Ганц удаа ч гэсэн. Тэгээд шинэ байвал бүр дээр. Заавал өөрийнхөө төлөө бэлэг авмаар байна.
Дугдуга ах нуруугаа эргүүлэн хэвтэнгээ дэрэндээ толгойгоо хийчихлээ.

No comments:

Post a Comment