Sunday, February 9, 2014

Жэжэгийн бага нас

Дэлхийн утга зохиолын сан дах Бразилийн утга зохиол
Солонгос хэлнээс орчуулав.


Ухаан суух үед
Бид гар гараасаа барилцан удаанаар алхаж явлаа. Дугдуга ах надад хорвоо гэж юу болохыг бага зэрэг зааж өгсөн юм. Ингэж ахын гараас хөтлөн нэг бүрчилэн зааж өгөх зүйлс нь маш их сонирхолтой боловч хэзээд ах үүнийгээ гэрээс хол үед хэлж өгдөг байлаа. Яагаад гэхээр гэрт байхдаа зааж өгвөл би ганцаараа өөрөө мэдэн аливаа зүйлийг хийснээрээ буруу зүйлийг ихээр хийж, тэгэх бүрдээ шийтгэл авах болдог байсан учраас тэр юм. Хэд хоногийн өмнөхийг хүртэл гэрийнхэн намайг зоддоггүй байсан. Намайг эд зүйлд нүд тусгаж эхэлмэгц гөлөг шиг, үсгүй муур шиг гэх мөртлөө хараал урсгана. Тийм болохоор би гэрт байхдаа юуг ч мэдье гэдэггүй байсан. Гадаа гарч тоглодоггүй байсан бол дуу ч дуулж чадахгүй байсан байх.
Дуу гэдэг үнэхээр сайхан зүйл. Дугдуга ах дууг ч сайн дуулж, сайн ч исгэрдэг байсан. Би болохоор хичнээн хичээгээд ч сайн болдоггүй байв. Ах олон удаа зааж өгсөн боловч миний ам жаахан болоод тэр юмуу хичнээн хичээгээд ч чимээ гардаггүй байлаа. Амнаас гадагш гаргаж чадахгүй ч аман дотроо аялаж болохоор байсан. Тэр нь жаахан эв хавгүй хэдий ч хийх тусам сонирхолтой л доо.
Бага байхдаа ээжийнхээ дуулж өгдөг байсан дуу санаанд орлоо. Ээж маань нар халхлах гээд толгойндоо алчуур зүүж, худгийн дэргэд ажилладаг байсан. Хормогч зүүн удаан хугацаагаар гараа усанд дүрэн савангаар зөндөө хөөс гарган угаалга хийдэг байлаа. Тэгээд хувцсуудыг мушгисны дараа хэцэнд тохдог байсан. Угаасан зүйлээ дэлгэн саваагаар дэлгэнэ. Тэр үед ээж Паүллябэри багшийн гэрийн угаалгыг хийж өгдөг байсан юм. Ээж гоолиг өндөр нуруутай. Хав хар арьсандаа тас хар урт үс нь нуруугаа дагасан бүсгүй байсан. Гэвч дуу дуулах ээж минь царай шигээ харагдах удаагүй. Ээжийнхээ өмнөөс би энэ дууг сурсан юм.
Далайчин хүн, далайчин хүн
Миний сэтгэлийг өвтгөсөн тэр далайчин...........
Бүгд түүний төлөө
Давалгаа давалгаалж
Элсэн дээгүүр гүйнэ
Миний хайрт далайчин ч
Тийшээгээ явах нь ээ
Далайчны хайр гэдэг
Богиноос богино хайр
Усан онгоц далбаагаа өргөвөл
Далайчин ч бас явна
Одоо энэ дуу нь ойлгохын аргагүй уйтгарыг авчирдаг байна. Дугдуга ах миний гарыг дугтарахад ухаан орлоо. Юу бодов оо, Жэжэ? Юу ч биш ээ.Дуу дуулж байсан юм. Дуу гэнээ? Тиймээ. Би сонсоогүй........
Ах дууг дотроо дуулж болдгыг мэддэггүй юмуу даа?
Би зааж өгөхийг хүссэнгүй. Тэртээ тэргүй ойлгохгүй юмийг зааж өгөх шаардлагагүй. Би Риүсангпаүллугийн зам хүртэл алхлаа. Зам дээр ачааны машин, суудлын тэрэг, дугуй тэрэгнүүд сүн сүнхийлгэн өнгөрч байв. Ийшээ хар. Жэжэ. Энэ их чухал. Эхлээд энэ тал, тэр талруу сайн ажиглаж харах хэрэгтэй. Ингэж зүүн тал баруун талруугаа сайтар харж, за, гарья. Бид байдаг хурдаараа гүйж гаталлаа. Айсан уу? Жаахан сүрдсэн боловч би толгойгоо сэгсэрлээ. Энэ удаад түрүүчийн байсан газарлуугаа дахин очьё. Чамайг шалгаж үзэх хэрэгтэй байна. Бид дахин зам гаталлаа.
За, одоо чи ганцаараа хийж үз. Чи том болсон болохоор юунаас ч айж болохгүй. Айсандаа миний зүрх түг түг цохилж байлаа. За одоо гүйгээрэй. Би бараг амьсгал ч авалгүйгээр ганц амьсгаагаар гаталлав. Хэсэг хүлээсний дараа ах буцаж ир гэсэн дохио өглөө. Анх удаа гэхэд үнэхээр сайн хийлээ. Гэвч ганц зүйл мартсан байна. Машин ирж байгааг харагдвал хоёр талруугаа сайн харах хэрэгтэй. Би үргэлж чамайг дагаж яваад дохио өгч чадахгүй гэсэн үг. Байж байгаад ирэх замдаа нэг удаа дасгал хийж үзье. Одоо үзүүлж өгөх юм байна. За наашаа ир. Ах миний гараас чанга бариад удаанаар алхлаа. Би урьд нь ахын ярьж өгсөн яриаг бодож байлаа. Дугдуга ах аа. Яасан бэ? Ухаан сууснаа яаж мэдэх вэ? Тэр чинь одоо ямар хачин яриа вэ? М. Эдмонд ах намайг дэндүү эрт хэрсүүжих нь гэх мөртлөө одоо удахгүй ухаан сууна гэсэн. Гэхдээ надад өөрчлөгдсөн зүйл юу ч байхгүй шигээ. Эдмонд ах чинь тэнэг. Хэзээд төвөгтэй зүйлээр толгойгоо дүүргэж явдаг. Үгүй ээ. Эдмонд ах тэнэг биш. Цэцэн багш. Би ч гэсэн тийм болно оо. Тэгээд ганган яруу найрагч болоод эрвээхэй зангиа зүүх болно. Хэзээ нэг цагт би эрвээхэй зангиа зүүгээд зургаа авахуулна. Яагаад эрвээхэй зангиа гэж? Тэр чинь эрвээхэй зангиагүй бол яруу найрагч болж чадахгүй учраас тэр. Эдмонд ах сэтгүүл дээр гарсан яруу найрагчдын зургыг үзүүлж өгөхөд бүгд эрвээхэй зангиа зүүсэн байсан байхгүй юу. Жэжэ. Ахын хэлсэнд үгэнд шууд л итгэж болохгүй. Эдмонд ах чинь хүн чанар сайтай ч худалч хүн. Тэгвэл ахыг явдалтай хүүхний хүү гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тийм үгийг хамаагүй хэлдэггүй юм. Эдмонд ахыг тийм гэж байгаа юм биш. Зүгээр л сайн хүн гэсэн төдий. Ах та түүнийг худалч гэсэн ш дээ. Тэр үгтэй чинь худалч гэдэг ямар хамааралтай юм бэ? Хамаатай.
Эртээр аавтай хөзөр тоглож байсан Сэбэрину ах Рабөнэ ахыг тэгж хэлж байсан гэж байна. Хөгшин онгодын хүүтэй адил. Тэр хүн чинь дандаа худал хэлж явдаг гэсэн үг. Хэн ч тэр муугийн амыг хааж чадахгүй. Томчууд тийм үг хэлсэн ч яах ч үгүй. Бид хэсэг юм ярьсангүй. Эдмонд ах тийм хүн биш гэж байна? Тэгвэл тэр явдалтай хүүхний хүүхэд гэдэг чинь юу гэсэн үг юм? Ах төвөгшөөх адил гараа сэгсэрэв. Үгүй ээ ах тийм хүн биш. Цэцэн багш. Хэзээд юуг ч сайн зааж өгдөг. Өдий болтол ганц удаа л зодсон. Тэр нь ч тийм чанга байгаагүй. Дугдуга ах үсэрч цовхичин баяслаа. Тэр ах чинь чамайг зодсон уу? Хэзээ? Тоглоом чинь хэтэрлээ гээд Кларра эгч намайг Диндиня эмээгийнх рүү явуулах үед. Ах сонин унших гэтэл нүдний шилээ олж чадахгүй самгардаж байсан юм. Диндиня эмээ хүртэл эрэлцээд гэр доторхоо эргүүлж байсан. Би хаана байгааг нь мэдэж байсан болохоор сувд авах 1 дуси өгвөл зааж өгнө гэсэн юм. Ах хантаазнаасаа мөнгө гаргаад За яваад олоод ир гэлээ. Би хувцасны сагсан дотроос нүдний шилийг олоод өгсөн. Тэгсэн чинь ах гэнэт уурлаад чи байсан байхнээ. Өөдгүй амьтан гээд бөгсөн дээр гараараа хэсэг алгадаад мөнгөө сугалаад авчихсан. Дугдуга ах гэдсээ барин хэсэг зуур тас тас хөхөрлөө. Гэртээ зодуулах учиргүй хүн чинь. Тэр гэрт очоод зодуулах гэж. За хурдан явья. Дэндүү оройтох нь. Би Эдмонд ахыг бодож байв. Дугдуга ах аа, хүүхдүүд ч бас тэтгэвэртэй юу? Юу гэнэ ээ? Тэтгэврийн хүн ээ? Эдмонд ах ямар ч ажил хийхгүй мөнгө олж байна ш дээ. Ажил хийхгүй мөртлөө сар бүр хотоос мөнгө авч байна ш дээ. Тэгээд? Хүүхдүүд ч бас ажил хийлгүй, идэж унтах л мөртлөө ааваасаа мөнгө авдаг ш дээ.
Тэтгэврийн хүн гэдэг чинь тэр биш ээ. Жэжэ. Тэтгэврийн хүн гэдэг нь аль хэдийн их ажил хийгээд Эдмонд ах шиг цагаан болж, удаан алхаж явдаг хүнийг хэлдэг юм. Одоо ийм яршигтай яриагаа больё. Сурмаар байвал тэр ах дээрээ оч гэсэн үг. Гэвч надаас ийм зүйлийг битгий асуу. Бусад хүүхдүүд шиг тоглоод үз. Хараал хэлсэн ч болно. Тийм төвөгтэй зүйлээр наад жижигхэн толгойгоо битгий дүүргэ. Тэгэхгүй бол чамайг дагуулж явахгүй. Би сэтгэлээр унаж, цааш үргэлжлүүлмээргүй боллоо. Дуу ч дуулмааргүй. Цээжин доторх жижигхэн шувуу хүртэл хол нисээд явчих шиг боллоо. Тэр байшин, таалагдаж байна уу? Тэр нь хаанаас ч харж болох жирийн нэг байшин. Цонхоо цэнхэр, цагаанаар будаж, хаалгануудаа сайтар цоожилсон болохоор нам гүмхэн. Таалагдаж байна. Гэхдээ яагаад ийшээ нүүх гэж? Нүүх нь илүү дээр байгаа болохоор. Хашааны завсраар манго, тамариндийн нэг нэг мод харагдлаа. Чи манай гэрт юу болоод байгааг сайн мэдэхгүй байгаа байх. Аав ажилгүй болсон. Тэгж байна шүү дээ? Аав Сөкупилдө гуайтай хэрэлдэж гарсны дараа компаниа орхиод хэдийн 6 сар илүү болсон шүү дээ. Чи Рара эгчийгээ заводод орсныг ч мэдэхгүй байгаа. Ээж ч бас хотод байдаг хэвлэлийн үйлдвэрт явж байна. Ээ тэнэг минь дээ. Энэ бүх мөнгийг цуглуулаад шинэ гэрийн байрны хөлсийг төлсөн. Одоо амьдарч байгаа гэр нь хэдийн 8 сарын мөнгийг хойшлуулаад байгаа. Үнэндээ ийм зүйлийг ойлгоход чи дэндүү бага л даа. Би гэрийн ажилд туслахын тулд мөргөлийн үед сүйт бүсгүйд тусалж өгдөг ажлыг болих хэрэгтэй юм шиг байна. Бид хэсэг хугацаанд юу ч хэлж чадсангүй. Дугдуга ах аа, нэг хар ирвэс, хоёр арслан энд авч ирнэ биз дээ? Мэдээж авчиралгүй яахав, тахианы байрыг задлаж авчирах хүн ахаас чинь өөр хэн байна? Ах элэгсэг хирнээ гунигтайгаар харав. Би задалж авчираад энд дахин хийгээд өгье. Миний сэтгэл амарлаа. Ийм яриаг гоёж чимээд дүү Рүистэйгээ шинэхэн яриа бэлтгэн тоглож чадах юм. Болж байна. Жэжэ. Одоо би чамтай хичнээн дотно болохыг ойлгож байгаа биз. Одоо чи яаж түүнийг хийснээ хэлж өгч чадах байх. Дугдуга ах аа, үнэхээр мэдэхгүй. Чи одоо худлаа хэлж байна. Хэн нэгэн зааж өгсөн. Хэнээс ч сурсан удаагүй. Хэн ч надад зааж өгсөн хүн байхгүй. Тэр чинь Жандира эгчийн хэлдгээр миний доторх чөтгөр нойрон дунд минь надад зааж өгсөн байж магадгүй. Дугдуга ах мэл гайхлаа. Анхандаа үнэнийг яриулах гэж туулайн бөөр жимс өгөх нь өгсөн боловч би юу ч хэлж чадахгүй байв. Хэн ч тийм зүйлийг ганцаараа сурч чадахгүй. Тэглээ ч би хэлж чадахгүй байлаа. Хэнээс ч сурсан удаагүй болохоор тэр. Тэр нь учир нь олдохгүй нууц байв. Долоо хоногийн өмнөх явдал.
Бүх гэр бүл хэрүүл шуугиантай байсан. Диндиня эмээгийн гэрт Эдмонд ах сонин уншиж, би түүний өмнө сууж байсан юм. Ах аа. Яасан бэ? Жэжэ. Ах бусад хөгшчүүдийн адил нүдний шилээ хамрынхаа үзүүр дээр тохсон байв. Ах хэдэн настай байхдаа уншиж сурсан бэ? 6,7 нас орчимдоо биз дээ. Таван настайдаа уншиж чадах уу? Тийм ээ, бололгүй яахав. Гэвч тийм амар биш. Таван нас нь дэндүү бага. Та яаж сурсан юм бэ? Бусад хүмүүс шиг дасгалын самбараар сурна биз дээ. Б дээр А-г нэмбэл Ба болно гэдэг зарчмаар. Хэн ч тэгж сурдаг юмуу? Магадгүй тэгдэг байх. Гэвч хэн ч тэгж сурах л хэрэгтэй болж байна уу? Ах бачимдах адил намайг харлаа. Харж бай. Жэжэ. Хэн ч тэгж хийх хэрэгтэй гэсэн үг. Одоо сонин уншихад битгий саад болоод бай. Тэр доор мухарт гуяба жимс гарчуу явж үз. Ах нүдний шилээ дахин зүүгээд, сониноо унших гэлээ. Гэвч би хажуунаас нь холдох дургүй байв. Энэ чинь юу гэсэн үг вэ? Дэндүү чанга дуугарснаас болоод нүдний шил хамрын үзүүрлүү гулсан тогтлоо. Чи сонин уншихыг хүссэн ч одоо болохгүй ээ. Тиймээ, би гэрээсээ хол энэ газар энэ л үгийг хэлэх гэж ирсэн болж байна уу? За, хурдан хэлж үз. Үгүй ээ. Тэгж хурдалж болохгүй. Эхлээд ахын тэвгэврээ авах өдөр хэзээ гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Нөгөөдөр. Тэрээр намайг харж зөөлөн инээмсэглэлээ. Гэхдээ нөгөөдөр чинь ямар гариг вэ? Тав дах өдөр. Тэгвэл тав дах өдөр ах хотруу явахдаа сарны гэрэл нэгийг авчирч өгөх үү? Жаахан цэгцтэй ярьж үз. Жэжэ. Тэгээд тэр сарны гэрэл чинь юу юм? Киноноос харсан цагаан унага. Морины эзэн Фрэд Томсон байхгүй юу. Их сайн бэлтгэгдсэн морь байгаа юм. Тэгвэл дугуйтай модон унагыг авч өгөөч гэсэн үг байхнээ. Үгүй ээ. Ах аа. Жолоондоо бариултай модоор хийсэн унагатай болмоор байна. Тэгээд тэр жолооноос нь барьж, хурдан давхимаар байна. Сүүлд том болоод кинонд тоглох гэвэл дасгал хийж байх хэрэгтэй байгаа юм байхгүй юу. Тэр инээсээр л байлаа. Ойлголоо. Ойлгосон. Тиймээ, тэрнийг худалдаж аваад ирвэл надад юу хийж өгөх нь вэ? Хийж өгөх зүйл бий. Үнсэнэ гэсэн үг үү? Би үнсэхэд тийм дуртай биш. Тэгвэл тэвэрч өгөх нь ээ? Тэр үгийг сонсмогц цээжинд бөөн юм тээглэн, Эдмонд ах өрөвдмөөр харагдлаа. Сэтгэл доторх жижигхэн шувуугаа хэлж өгсөн яриа бодогдлоо. Урьднаас олон удаа сонссон яриа. Эдмонд ах авгайгаасаа тусдаа амьдардаг бөгөөд таван хүүхэдтэй гэдэг. Тэр нь дэндүү ганцаардмал амьдарч, удаанаар алхаж явдаг байсан. Хэрвээ тэр зөөлөн алхаж яваа биш бол үр хүүхдээ санасных. Гэхдээ хүүхдүүд нь эргэж ирдэггүй гэнэлээ. Ширээг тойрч очин Эдмонд ахын хүзүүг чанга тэвэрлээ. Түүний цагаан үс миний духыг зөөлнөөр илбэлээ. Ах аа, энэ унага авах төлбөр биш. Өөр зүйл хийж өгнө. Уншиж үзүүлнэ. Жэжэ. Уншиж үзүүлнэ гэдэг чинь. Юу гэсэн үг вэ? Хэн зааж өгөв? Үгүй ээ. Хэн ч биш. Би гүйж гараад их хаалганы тэндээс хашгирлаа. Тав дах өдөр. Унага л авч өгөөрэй. Унших нь уу үзүүрэй.
Хэд хоногийн дараа цахилгааны мөнгөө төлж чадаагүй учраас компаниас шугам тасалсан тул шөнө болмогц Жандира эгч дэнгээ асаалаа. Би од хэлбэрийн дүрсийг харах гэж хөлийнхөө өлмий дээр зогсож байлаа. Од маягийн дүрс гэдэг нь гэр орныг хамгаалж өгөхийг гуйсан залбирлын дор тэмдэглэсэн од маягийн зураг байлаа. Жандира эгч ээ, мөрөн дээрээ суулгаад өгөөч. Тэрнийг уншиж үзэх хэрэгтэй байгаа учраас. Жэжэ, дэмий яриагаа больж үз. Одоо завгүй байна. Харин ээ. Намайг өргөөд өгөөч. Тэгээд намайг уншиж чадах нь уу үгүй юу нэг үз. Хөөе, худлаа байвал зүгээр байхгүй дээ. Эгч хүзүүн дээрээ суулган, хаалганы арлуу дөхөж очлоо. За, одоо уншаад үз. Үнэн эсэхийг хармаар байна аа. Тэгмэгц би тэр бичгийг яг таг уншлаа. Би гэрээ хамгаалахыг гуйж тэнгэрт хүссэн залбирал ба ад чөтгөрийг хөөх хүсэлтийг уншлаа. Жандира эгч намайг газарт буулган тавив. Эгч дэндүү цочирдсондоо яахаа ч мэдсэнгүй. Жэжэ. Тэрнийг хэдийдээ бүгдийг цээжилчихэв ээ? Намайг хуурч байгаа биз дээ. Жандира эгч ээ, тангараглая. Би бүгдийг уншиж чадна аа. Хэн ч суралгүйгээр уншиж чаддаггүй юм. Эдмонд ах зааж өгсөн үү? Диндиня эмээ юу? Хэн ч биш ээ. Тэрээр сонины тасархай авч ирлээ. Би түүнийг түгдрэлгүй зөв уншлаа. Эгч хашгирав. Тэгээд Кларра эгчийг дуудаж, Кларра эгч хөөрсөндөө Аллаидиг дуудахаар гүйн гарав. 10 минут ч бололгүй хөршийн хүмүүс бүгд гайхамшгыг үзэхээр бөөгнөрөн орж ирлээ.

No comments:

Post a Comment