Tuesday, February 11, 2014

* * * * * * * * * * *



Дараачийн өдөр би нүдээ нээмэгцээ ахыг дуудлаа.
Хамт үзэхээр явах уу?
Явахгүй.
Тэгвэл би ганцаараа явж үзээд ирье.
Хаалгаа онгойлгоод харсан чинь гутал байсангүй, хов хоосон байлаа.
Дугдуга ах нүдээ нухалсаар дөхөж ирлээ.
Харж байгаа биз дээ. Би юу гэлээ?
Би юу ч сонссонгүй. Толгой дотор тийм гэж хэлж чадахааргүй сэтгэл хөдлөлөөр дүүрэн байлаа. Тэр нь жигшүүр, эсэргүүцэл, уйтгар байсан.
Тэвчиж ядсан би дуу тавилаа.
Яагаад бид ийм ядуу аавтай болов оо?
Гуталнаас нүдээ салгах үед хос углааш харагдлаа. Уйтгарт автсан аавын нойтон нүд дэндүү том байлаа. Банггү хотын кинотеатрын дэлгэц шиг том харагдав. Аав уйлахыг хүссэн ч уйлж чадсангүй. Аав түгшүүр дүүрэн нүдээр хэсэг зуур биднийг харж байгаад чимээгүй өнгөрлөө. Шүүгээн дээрх малгайгаа авч дахин гадагшаа гараад явчихлаа.
Тэгмэгц ах миний гарыг цохилоо.
Чи муу амьтан. Жэжэ. Могой шиг зэвүүн. Тиймээс....
Ах аягүй их уурласандаа үгээ үргэлжлүүлж чадсангүй.
Мэдсэнгүй. Би аавыг энд байгааг мэдсэнгүй гэж байна.
Муу амьтан. Нинжин сэтгэлгүй. Аав хичнээн удаан гэртээ байгааг сайн мэдэж байсан ш дээ. Тиймээс одоо аавын царайг хараад юу ч идэж чадахгүй байсан юм. Мэдэж байна уу? Хэзээ нэг цагт аав болвол ийм үед хичнээн хэцүү болохыг ойлгох болно оо.
Үгүй ээ. Би аавыг харж чадахгүй байгаа. Дугдуга ах аа. Нээрээ шүү.
Цаашаа бай. Чи хэнд ч хэрэггүй муу золиг.
Би гадагшаа гүйж гараад аавын хөлнөөс зууран сайн уйлмаар байв. Гэвч юуг яаж хийх санаа орж ирсэнгүй. Ухаанаа алдсан хүн мэт дүйнгэ юм шиг зогсож байгаад хүч муутай орон дээр суучихлаа. Буланд тавьсан пүүзээ харлаа. Усанд түн түн сэлж байгаа мэт сэтгэл минь хов хоосон.
Яагаад ингэчихэв ээ? Бүр өнөөдөр шиг ийм өдөр. Тэгээгүй байсан ч бүгд л уйтгартай байхад. Хоолны цагаар яаж аавыг харна аа? Жимсний салат ч хоолой давахгүй дээ.
Аавын том нүд театрын дэлгэц шиг намайг өрөмдөх мэт харж байх шиг. Хоёр нүдээ анимагц, тэр хоёр нүд илүү их томоор намайг ширтэж байна. Би гутлын саваа өсгийгөөрөө түг түг цохиж байгаад гэнэт сайхан санаа орж ирлээ. Яавал ааваас миний бурууг өршөөхийг мэдэхгүй юм. Миний гутлын тос хэдийн хэрэглээд дууссан учраас Дугдуга ахын гутлын хайрцгыг онгойлгон хар гутлын тос нэг хайрцгыг гаргалаа. Би хэнд ч хэлэлгүйгээр гэрээс гарав. Мөрөндөө үүрсэн гутлын саваа хүндийг ч мэдэлгүй гунигтайгаар замруу гарлаа. Би аавын нүдэн дээгүүр алхаж яваа мэдрэгдэнэ. Аавын нүдэнд хязгааргүй зовлонг өгчихөөд.
Өглөө эрт байсан тул томчууд оройн мөргөлийн хоолноос болж орой унтсан болохоор одоо болтол унтаж байгаа дагаа. Хүүхдүүд л хоорондоо тоглоомоороо гайхуулж, бохир луйвар ч хийнгээ тоглож байв. Тэр нь миний сэтгэлийг улам өвтгөлөө. Бүх хүүхдүүд аз жаргалтай байхад тэр хүүхдүүдийн дунд хэн нь ч миний хийснийг хийж үзсэн хүүхэд үгүй дээ. Би Мижэриа Ипуми \ гамшиг ба өлсгөлөн гэдэг утгатай \ дэлгүүрийн ойролцоо зочин хүлээхээр шийдлээ. Энэ дэлгүүр өнөөдөр ч хаалгаа нээжээ. Үнэхээр азтай. Орж гарах хүмүүсийн дунд хэн нэгэн дуудаж өгөхийг хүлээн байж байсан боловч унтлагын хувцас өмсч, углааш угласан хүмүүс л байхаас биш гутлаа арчуулах хүн байсангүй. Кофе ууж байгаа хүмүүс ч үгүй, гэдэс өлсөж байгаа хүн ч байсангүй.
Гэдэс өлсөж эхлэх мөртлөө миний сэтгэлийг улам л дордуулан өвтгөж ирлээ. Ббүругөрэсүгийн замаар гэлдрэн Рузэнбэрөкө талхны дэлгүүрийн хажууд иртэл хоосон зүтгэл байлаа. Цаг нь өнгөрөөд байгаа хирнээ ганц ч мөнгө олсонгүй. Гэвч хийх л хэрэгтэй боллоо. Яадаг байсан ч.
Аажимдаа халуун болж \ Бразилийн урд хэсэгт Крисмасын баяраар ч халуун байдаг\ гутлын хайрцагны оосор чангаан татаж, олон удаа сольж үүрэх хэрийн зовлон удлаа. Хоолой хатан захын хажууд байдаг нийтийн усны угаалтуурлуу очин ус уув. Буцаж ирээд би удахгүй орох бага сургуулийн гол хаалганы хажууд шатан дээр лаг хийтэл суучихлаа.
Гутлын саваа хажуудаа буулган, хэн ч харагдаагүй учраас хүүхэлдэй адил өвдгөн дээрээ толгойгоо тавин хийх ажлаа мартсан мэт эвхрэн сууж байв. Энэ байдлаар гэрлүүгээ буцах аргагүй. Хэр удсаныг мэдэхгүй хэн нэгэн хөлөөрөө тог тог хийлгэн гутлын савыг минь хөдөлгөж, таньдаг хоолойгоор дуудах нь сонсогдоход ухаан орж харвал Казино хариуцдаг Ггуггингнв ах байх нь тэр.
Хөөе. Гутал тосол. Мөнгөө олохгүй унтаж л байна уу.
Түүнийг хайрцган дээр гутлаа тавихад би эхлээд даавууны өөдсөөр зүлгэн гутлаа чийглэсний дараа жаахан хатмагц болгоомжтойгоор тосоо түрхлээ.
Ах аа, уучлаарай өмднийхөө түрийг жаахан өргөөд өгөөч.
Тэрээр миний хэлснээр хийлээ.
Өнөөдөр хэр гутал тослов доо? Жэжэ.
Өнөөдөр шиг өдөр гутлаа тослуулахаар ирэх хэн ч алга даа.
Тэгвэл Крисмас нь ямар байв?
Онцгүй байсан.
Би гараараа саваа тог тог цохиход тэр цохилтонд тааруулан тэрээр хөлөө солилоо. Дууссанаа мэдэгдэн хайрцгыг цохивол хөлөө буулгав.
Хэд вэ? Жэжэ.
200 рэи. Яагаад тэрнээс илүүг авахгүй байгаа юм бэ? Бүгд л 400 рэи авдаг ш дээ....
Дээд зэргээр гутал тослодог болвол тэгж авна аа. Гэвч одоо бол тэгж чадахгүй.
Тэрээр 500 рэи гаргаж өглөө.
Сүүлд өгөөрэй. Хариулт алга.
Үгүй ээ. Крисмасын бэлэг болгож үлдсэнийг нь аваарай. Их тослоорой Жэжэ.
Мэри Крисмас, Ггуггингню ах аа.
Тэрээр дөрөв хоногийн өмнө тоглоомгүй буцсан болохоор сэтгэл нь зовоод гутлаа тослуулахаар албаар ирсэн ч байж магадгүй.
Хармаан доторх мөнгө хэсэн зуур ч болохноо урам зориг өглөө. Хэдийн үдийн 2 цаг болчихлоо. Би нэг л газраа нааш цааш холхисон боловч урьдын адил хүн ирсэнгүй, бүр тоосоо арчуулах хүн ч үгүй. Хэн ч мөнгө өгөх гэж ирсэнгүй. Рүи сангпаүллугийн замын хажуу дах гэрлийн шонг налж зогсоод, заримдаа өөрийн жаахан хоолойгоор хашгирч үзлээ.
Гутлаа тослуулаарай, гутал тослоно.
Ядуу хүүхдүүдийн Крисмасын баярт зориулж гутлаа тослуулаарай.
Дээд зэргийн ганц хөнгөн тэрэг ойртож ирэн зогслоо. Би ямар ч итгэлгүй байвч хашгирах боломжийг алдсангүй.
Авралын гараа сунгаарай, багш минь, ядуу бидний Крисмаст туслаарай.
Гоёж гангалсан авгай машины арын суудлаас намайг харж байв. Сэтгэл хөдөлсөн хоолойгоор тэрээр хэллээ.
Өрөвдмөөр байгаа биз. Тийм бага хүүхэд. Хөгшөөн, тэр хүүхдэд юу ч юм өгөөч.
Гэтэл нөхөр нь хиймээргүй байгаа бололтой намайг хялайн харлаа.
Ийм үйлдэл нь онцгүй. Зальтай хэрэг. Тэр золиг өөрийгөө бага гэдгийг далимдуулан Крисмасыг ашиглаж байгаа юм.
Тэглээ ч гэсэн тусламаар байна.
Авгай түрийвчээ уудлан машины цонхоор гараа гаргалаа.
Баярлаж байгаа боловч авахгүй ээ. Би худлаа хэлээгүй. Үнэхээр мөнгө хэрэг болоод Крисмасаар ажил хийж байгаа юм.
Би гутлын хайрцгаа мөрөндөө үүрэн, удаанаар алхлаа. Илүү их уурлах чадал ч байсангүй. Тэгмэгц машины хаалга нээгдэн эрэгтэй хүүхэд гүйж ирлээ.
За энийг ав. Манай ээж чамд итгэж байна гэнээ.
Тэр 500 рэи миний халаасанд хийгээд баярлалаа гэж хэлэхийн завдалгүй гүйж одлоо. Би хэдийн холдсон машины хойноос харсаар байв. Хэдийн 4 цаг болж, би одоо хир нь аавын нүдийг сэтгэлдээ тээсээр байлаа. Би буцаж ирэх замдаа орлоо. 10 дуст л байгаа боловч Мижэриа И Пуми дэлгүүрийн эзэн үнээ буулгадаг юмуу зээлээр сүүлд өгч болох болов уу гэж бодогдлоо.
Нэгэн хашааны дэргэд хүрэх үед нэг зүйл олов. Тэр нь эмэгтэйчүүдийн хуучин хар шилэн тирко байлаа. Түүнийг бөөрөнхийлөн гартаа ороомогц нарийсан урт болов. Нэгэн гайхалтай могой болох юм байна гэж бодон тюрког гутлын савандаа хийчихлээ. Тэгэнгээ сэтгэл дотроо өөрөө өөртэйгээ маргалдлаа. Дараа хийе. Өнөөдөр шиг ийм өдөр тийм зүйл хийж болохгүй.
Билладө Буасө гуайн гэр харагдлаа. Тэр гэр өргөн том цэцэрлэгтэй хашаан доторхоо цементэлсэн айл. Би том хаалганы завсраар толгойгоо оруулан ажиглалаа. Дугуй нь улаан өнгийн сэлбэг нь цэнхэр, шар зураастай юм. Металл нь гялалзан туяа цацарна. Сэрөжиню намайг харснаа гайхуулан давхиж, муруйж эргэн, дуугаргаж үзүүлэн, гишгүүр дээрээ гишгэж харуулах зэргээр үзүүлэв. Тэгснээ надад ойртон ирлээ.
Гоё байгаа биз, Жэжэ?
Хорвоо дээрх хамгийн гоё дугуй байх аа.
Наашаа ир. Илүү сайн харагдах байх.
Сэрөжиню нь Дугдуга ахтай хамт сурдаг. Би гэнэт өөрийнхөө нүцгэн хөлнөөс ичлээ. Сэрөжиню нь улаан тэлээ зүүж, цагаан оймс өмсөн гялалзсан гутал өмссөн байв. Гутал нь бүх зүйлийг гялбуулан ойлгоно. Түүгээр зогсохгүй аавын нүд хүртэл тэр гэрэл дундаас намайг муухай харах шиг санагдлаа. Би хатсан шүлсээ гуд хийтэл залгив.
Юу болов оо Жэжэ? Чи нэг л хачин харагдах чинь.
Юу ч болоогүй. Дугуй чинь үнэхээр гоё юмаа ах аа. Крисмасын бэлгээр авсан юмуу?
М. Тийм ээ.
Сэрөжиню жаахан гайхуулмаар санагдсан юмуу дугуйнаасаа буун том хаалгаа онгойлголоо.
Жэжэ энэ миний авсан бэлэгнүүд. Систем хөгжим нэг, гурван хослол, түүхийн нэг ном, өнгийн харандаа нэг хайрцаг. Тоглоомны нэг сэт авсан. Тэнд сэнс нь эргэдэг онгоц, цагаан дарвуулт хөлөг онгоц хоёр ширхэг байгаа.
Би толгойгоо дохин хүүхэд есүс нь баян хүнд л хайртай байдаг гэсэн ахын үгийг бодож байв.
Яасан бэ Жэжэ?
Яагаа ч үгүй.
Гэхдээ чи, бэлэг их авав уу?
Би хариулах ч үг олдсонгүй дуугүй толгойгоо сэгсэрлээ.
Арай нэгийг ч аваагүй юм биш биз?
Энэ жил манайд Крисмас гэдэг ердөө байхгүй дэг. Аав одоо хүртэл ажилгүй байгаа юм байхгүй юу.
Тэглээ ч гэсэн тэгж болдог юмуу? Тийм ээ, танайд илжгэн чих ч бас самар ч үгүй, дарс ч үгүй байсан уу?
М. Диндиня эмээгийн өгсөн талх, кофе л байсан.
Сэрөжиню юу ч юм бодож буй дүр үзүүллээ.
Жэжэ би дайлвал ирэх үү?
Би чимээгүй бодож үзэв. Юу ч идэж чадахгүй байсан болохоор тэгмээргүй байлаа.
Орьё. Ээж чамд идэх юм хийж өгнө. Амттай хоол зөндөө. Амтат боов ч бий.
Гэхдээ би адал явдал хиймээргүй байв. Гэдэс өлсөж байгаа боловч тэсэж ирсэн миний сэтгэлд том шарх үүрмээргүй байсан юм.
Тэгээд ч би энэ үгийг олон дахин сонссон.
Гэртээ тэр гудамжны хар золигыг дагуулж битгий ирж бай гэж хэдэн удаа хэлж байж ойлгох хэрэгтэй юм бэ Сэрөжиню?
Хэрэггүй. Хичнээн их баярлаж байгаа ч гэсэн.
Тийм үү, тэгвэл дүүдээ өгөх гэж байгаа юм гээд ээжээсээ илжгэн чих бас бусад идэх юм боогоод өгөөч гэвэл аваад явах уу?
Үгүй ээ. Авч явж чадахгүй. Би ажлаа дуусгах хэрэгтэй.
Сэрөжиню дөнгөж сая л нэг юм миний сууж байгаа гутлын савыг олж харлаа.
Гэхдээ Крисмасаар хэн гутлаа тослуулах юм бэ?
Өдөржингөө яваад 10 дустээс илүү олж чадсангүй. Тэгээд ч 500 рэи нь гуйлгаар олсон юм. Одоохондоо 2 дуст л илүү олох хэрэгтэй байна.
Тэгээд тэрүүгээр юу хийх гэж байгаа юм бэ Жэжэ?
Хэлж чадахгүй нь ээ. Гэвч олох хэрэгтэй байна.
Сэрөжиню инээмсэглэн надад туслах гэлээ.
Жэжэ, миний гутлын тослох уу? 10 дуст өгье.
Тэрийг ч бас чадахгүй. Найзуудаасаа мөнгө авч чадахгүй.
Би 200 рэи зээлж өгвөл?
Жаахан оройтсон ч зүгээр үү?
М. Хүссэнээрээ л бол. Дараа сувдаар өгсөн ч болно.
Тэгье. Тэгвэл зээл. Сэрөжиню хармаандаа гараа хийн 200 рэи гаргаж өгөв.
Жэжэ, битгий сэтгэл зов. Би их мөнгөтэй байгаа болохоор . миний хуримтлалын хайрцагт одоо хүртэл дүүрэн байгаа.
Би гараараа дугуйг нь илж үзлээ.
Үнэхээр гоё юмаа.
Чамайг дугуй унахаар том болвол унуулна аа, болно биз?
М. Үнэхээр баярлалаа.
Би гутлын хайрцгаа хөдөлгөн Мижэриа И Пумигийн дэлгүүрлүү нэг хоромд л гүйн очлоо. Эзэн хаалгаа хаасан биш байгаа гэж сэтгэл зовон сүрдэж байлаа.
Ах аа, дээд зэргийн тамхинаас үлдсэн үү?
Эзэн нь миний гаранд байгаа мөнгийг хараад хоёр хайрцаг тамхи гарган задлан тавив.
Чи татах гээгүй биз дээ, Жэжэ?
Араас хэн нэгэн хөндлөнгөөс оролцлоо.
Юу гэсэн үг вэ? Ийм жаахан хүүхэд тамхи татна гэдэг чинь.
Эргэж ч харалгүйгээр эзэн хариулав.
Тэр таны мэддэг хүүхэд биш болохоор тэгж байгаа юм. Энэ золигт хийхгүй гэж зүйл үгүй.
Ямар ч байсан би гараараа тамхыг өнхрүүлэн үзэж, үгээр хэлэхийн аргагүй их баярлаж байв.
Энийг өгөх үү, тэрийг өгөх үү?
Ах та мэдээд өгчихөө. Өдөржингөө аавдаа бэлэг өгөх гэж ажилласан юм.
Үнэхээр үү, Жэжэ? Аав чинь чамд юу өгөв?
Та мэдэж байгаа ш дээ? Манай аав одоо хүртэл гэртээ байгааг. Миний дотор одоо аавын дотортой адил байна.
Эзэн сэтгэл нь хөдөлсөн бололтой харагдан дэлгүүр дотор хэн ч амаа нээж чадсангүй.
Ахаа та бол алийг нь сонгох вэ?
Хоёулаа л сайн тамхи. Тэгээд ч ийм тамхи авсан ямар ч аав баярлана даа.
Ах аа, энийг боогоод өгчих.
Эзэн үнэн сэтгэлээсээ боож өглөө. Гэхдээ бэлгээ өгөхийн өмнө зогсосхийв. Тэр нь юу ч юм хэлэх гэсэн мэт байлаа.
Би мөнгөө гарган инээмсэглэлээ.
Баярлалаа, Жэжэ.
Ах аа, Мэрри Крисмас.
Би яаран гэрлүүгээ явлаа.
Гэр дотор харанхуй бүрэнхий, гал тогоонд л дэнгийн гэрэл сүүмэлзэнэ.
Одоохондоо хэн ч байхгүй, аав л хов хоосон ханыг харан ганцаараа ширээн дээр гараа тавин эрүүгээ тулан сууж байлаа.
Аав аа.
Яасан бэ, хүүхэд ээ?
Аавын хоолой нь намайг жаахан ч буруутгасан юмгүй шигээ.
Өдөржингөө хаагуур дэмий тэнэнэ вэ? Гэдэс нь өлсөв үү?
Би гутлын саваа үзүүллээ. Түүнийг доош нь буулган тавьж, хармаанаасаа бэлгээ гаргалаа.
Задлаад үзээрэй аав аа. Би аавдаа өгөх гэж бэлэг нэгийг худалдаж авч ирлээ.
Аав үнэтэй болохыг хараад цочилоо.
Сайн байгаа биз, аав аа. Хамгийн сайн тамхи гэнээ.
Аав инээн тамхины хайрцгыг задлаж, үнэрлэн үзэв. Тэгээд аав юу ч хэлж чадсангүй.
Татаад үзээрэй, аав аа.
Би гал тогоонд очин шүдэнз авчиран гал асааж өглөө. Тэгээд аавын амандаа зуусан тамхинд хүргэлээ. Аавыгаа татаж сорж байгааг харахын тулд арагшаа ухрав. Аав тамхи асаасан шүдэнзээ өглөө. Би түүнийг нь түг түг хугалалаа. Тэр агшинд бүхэл өдөржин шаналж байсан нь алга болох мэдрэмж төрөв.
Би аавыгаа өлийн харлаа. Аавын сахалтай царай, аавын нүдийг харав.
Би үүнээс өөрийг хэлж чадсангүй.
Аав аа, аав аа....
Миний хоолой мэгшилтээр аажимдаа солигдлоо. Аав хоёр гараа дэлгэн зүгээр л намайг тэврэв.
Битгий уйл аа. Жэжэ. Ийм сул дорой байж болохгүй. Амьдрах хугацаанд уйлах өдрүүд хичнээн олон гээч.
Тийм биш ээ. Аав аа. Үнэхээр аавын сэтгэлийг өвтгөх гэж хэлсэн юм биш ээ.
Мэднэ ээ Жэжэ. Чамайг ойлгож байна. Тиймээс л аав нь уурлаагүй ш дээ.
Аав намайг улам чанга тэвэрч өглөө. Тэгээд аав миний эрүүг дээшлүүлэн, алчуураар арчиж өгөн толгойг минь илж өглөө.
Одоо зүгээр биз?
Тийм ээ, аав аа. Одоо зүгээр. Сайхан болчихлоо.
Би аавын дэлгэц шиг том нүдийг сэтгэлээсээ арилгах гэж хичээн аавын нүдийг иллээ. Тэгэхгүй бол аавын том нүд хэзээд араас хөөх юм шиг санагдана.
За тамхиа татья.
Одоо ч гэсэн миний хоолой зангиран түгдэрлээ.
Аавыгаа зодсон ч зүгээр байна аа. Аав аа, намайг сайн зодоорой.
Үгүй ээ. Болсон. Жэжэ.
Аав намайг доош буулгах үед надад үлдсэн миний шүүрс алдалт газарт буулаа.
Аав шүүгээнээс нэг таваг гаргав.
Кларра эгч чинь чамд өгөх гэж жимсний салат жаахан үлдээж тавьсан даа.
Би түүнийг залгиж чадсангүй. Аав хажууд суун миний аманд хэдэн халбага хийж өглөө.
Амттай байгаа биз? Жэжэ?
Толгойгоо дохисон ч эхний хэдэн халбага нь давс амтагдлаа. Нулимс ороод тэр байлаа.

No comments:

Post a Comment