Tuesday, February 11, 2014

Манггараддиба галт тэрэг



Дуна Сэсиллиа Ббаинг багш хэн нэгэн самбарт гараад ямар нэг өгүүлбэр бичээд үз гэж хэллээ. Гэхдээ дуртайяа гарах хүүхэд байсангүй. Би нэг өгүүлбэр бодож олоод гараа өргөлөө.
Жэжэ. Чи гарах нь уу?
Ширээний хоорондуур гарч ирээд би самбарын өмнө зогсоод багшийн магтаалыг сонсоод жаахан хөөрлөө.
Та бүхэн, харж байгаа биз? Жэжэ манай ангийн хамгийн бага нь.
Би самбар дээр сайн бичиж чадсангүй. Гэвч шохойгоо өргөн гоё томоор дараах өгүүлбэр бичлээ. Бичгийн хэлбэрийг гоё гаргах гэж хичээлээ.
Удахгүй амралт болно.
Би алдсан газар байна уу гэж багшийн нүүрийг тас ширтлээ. Багш намайг харж санаа нь амарсан мэт инээж байв. Ширээн дээрх цэцгийн сав нь урьдын адил хоосон байлаа. Цэцгийн сав хоосон ч би багшийн хэлсэнчлэн харагдахгүй байгаа төсөөллийн сарнайг бодож гаргалаа. Сэсиллиа багш жаахан л хөөрхөн байсан бол тэгж цэцгийн сав нь хоосон байхгүй байсан даа.
Би байрандаа буцаж очоод самбар дээр бичсэн өгүүлбэрээ хараад сэтгэл хангалуун байв. Амралт болвол Ббурөддүга ахтай хамт ханатлаа зугаалж болох учраас тэр юм.
Бусад хүүхдүүд ч самбарт өгүүлбэр бичсэн боловч тэр өдрийн 1-р байр нь би байв.
Энэ үед хэн нэгэн ангийн хаалгыг онгойлгон орж ирлээ. Хоцорсон Жэруниму байв. Улайж минчийсэн нүүртэй орж ирээд миний арын ширээнд суулаа. Номоо гаргангаа хүүхдүүдтэй ярьж эхэллээ. Тэр мэтийн амьтадтай дэмий ярих шаардлага байсангүй. Би одоо мундаг хүн болохын тулд хичээлдээ чармайх хэрэгтэй учраас. Энэ үед араас шивэгнэх яриан дундаас миний чихэнд таагүй зүйл байлаа. Манггараддиба. Тэр нь галт тэрэгний нэр байсан.
Юу машин дайрсан гэнэ ээ?
М. Том машин. Яагаав Манүэл Балладарэсө гуайн сайхан тэрэг байдаг ш дээ.
Би мэл гайхан арагшаа эргэн харлаа.
Сая юу гэсэн бэ?
Манггараддиба галт тэрэг Рүа Да Сүидда гудамжны уулзвар дээр португал хүний машиныг мөргөчихсөн. Тэгээд хоцорчихсон. Галт тэрэг машиныг хэдэн хэсэг болгосон. Магадгүй машин барьж байсан хүн нь үхсэн байх. Саяхан эмнэлэгрүү аваад явах нь явсан л даа.
Бүх биеэр хүйтэн хөлс урсан нүдний өмнүүр харанхуйлав. Жэруниму энд тэндээс чангаах хүүхдүүдийн асуултанд хариулах гээд завгүй байлаа.
Үхсэн амьдыг мэдэхгүй. Хүүхдүүдийг ойртуулахгүй байсан байхгүй юу.
Би ухаангүй босон харайлаа. Бөөлжис хүрэн хүйтэн хөлс бүх биеэр урсахыг л мэдэрч байлаа. Ширээний хоорондуур сарвалзан явж гараад ангийн хаалгаруу чиглэлээ. Сэсиллиа багш өмнө ирэхэд ч биеэ зөв байлгаж чадсангүй. Багш цонхийн цайсан миний нүүрийг хараад гэнэт цочлоо.
Жэжэ, яав аа?
Гэхдээ би хариулт хэлж чадсангүй. Миний хоёр нүд нулимс цийлэгнэж байлаа. Галзуурах юм шиг санагдан би өөрөө ч мэдэлгүй ангиас үсрэн гарчихлаа. Ухаангүй мэдрэлгүй гүйж, замын тэнд очоод Риүсангпаүллугийн зам хаана байгааг ч тааварлаж мэдэх чадал байсангүй. Бүх зүйлийг мартчихжээ. Зөвхөн тэр газарт гүйж очих бодол л төдий. Миний зүрх хагарах шахан гэдэс татаж эхэллээ. Рүа Ггасингнясөгийн зам хүртэл гүйж очин харан нэг завсарт нь хүнсний дэлгүүрийн хажууд хүрэх үедээ машин байна уу гэж ажиглан харав. Жэрунимугийн үг худлаа байгаасай гэж залбиран........гэхдээ тэр газарт хэзээд хүлээж байдаг бидний машиныг олж харсангүй. Би ёолох дуу гаргаад дахин гүйлээ. Энэ үед хэн нэгэн хоёр гараараа намайг байдаг чадлаараа татаж чангаав. Яг хүнсний дэлгүүрийн эзэн Радисөллаү гуай байлаа.
Жэжэ, хаашаа явах гэж байгаа юм?
Нулимс нүүрээр урсаж дуслаж байв.
Тэнд....осол гарсан газарлуу.
Болохгүй. Тийшээ явж болохгүй.
Би галзуурсан мэт хор шар буцлан хөлөө хөдөлгөсөн боловч түүний гарнаас мултарч чадсангүй.
Хүүхэд ээ, тайвшир. Тийшээ явуулж чадахгүй нь.
Үнэхээр мангараддиба ахыг алчихаа юу?
Үгүй, үгүй бишээ. Саяхан түргэн тусламжийн тэрэг ирсэн. Машин нь л хэмхэрсэн төдий.
Радисөллаү ах аа, одоо худлаа ярьж байгаа биз дээ?
Яагаад би чамд худлаа хэлэх гэж? Осол гарсан гэдгийг хүртэл хэлж өгч байна ш дээ. Хэд хоногын дараа Баллэдарэсө гуайг эргэлт авахаар болбол чамайг заавал дагуулж явна. Би амлая. за, одоо тайвшираад хүйтэн ундаа нэг аягыг уучих.
Би алчуураа гарган урсаж байгаа хөлсөө арчлаа.
Бөөлжих гээд байна.
Би хөлснөөсөө болж бөөлжин, тэр миний толгойг барьж өглөө.
Одоо жаахан гайгүй болов уу, Жэжэ?
Би толгойгоо дохив.
Гэрт чинь хүргээд өгөх үү?
Толгойгоо сэгсрэн ганцаараа удаан алхаж эхэллээ. Яг бүрэн зүг чигийн мэдрэмжээ алдсан мэт түүний хажуугаас холдлоо. Би одоо бүх зүйл үнэн гэдгийг ойлголоо. Манггараддиба галт тэрэг хэнийг ч өршөөдөггүй юм байна. Хорвоо дээр тэр галт тэрэг нь хамгийн зэрлэг хүч ихтэй нь. Алхаад явж байхдаа хоёроос ч илүү удаа бөөлжлөө. Одоо хэн ч намайг тайтгаруулан өвдөлтийг минь хуваалцах хүнгүй боллоо. Одоо миний амьдралд хэн ч оршин тогтнохгүй болсон. Сургуульруугаа буцаж явалгүй хөл хүрэх газар хүртлээ алхсаар байв. Мэгшин уйлж алхангаа цамцныхаа хормойгоор нүүрээ арчиж байлаа. Одоо яасан ч Ббурөддүга харж чадахгүй болсон, цаашдаа яасан ч..... тэр хол явчихлаа, хол, холын холд алга болчихсон. Би ингэж алхаж байгаад нэг газар зогслоо. Тэр газар нь тэр намайг өөрийгөө Ббурөддүга ах гэж дуудаарай гээд сарьсан багваахай машиндаа зүүгдэн явсан газар байлаа. Би модны хожуул дээр суугаад өвдөгнийхөө завсарт нүүрээ хийчихлээ.
Энэ үед огт бодож байгаагүй үгнүүд сэтгэлээс хамаагүй урсан гарч ирлээ.
Хүүхэд Есүс ээ, чи муу амьтан юм. би энэ удаа л чамд сайн болоод надтай хамт байна гэж ойлгосон. гэхдээ яагаад чи хүртэл өөр хүмүүс шиг намайг үзэн ядаж байгаа юм бэ? Би одоо сайн болсон ш дээ. Одоо илүү их хэрүүл зодоон мэтийг хийлгүй, хичээлээ л шаргуу хийж, бүнда \ бөгс \ мэтийн муу хараалын үг ч хэлэхгүй байгаа ш дээ? Гэхдээ яагаад надад туслахгүй байгаа юм бэ?
Тэгээд миний раимжүржийн модыг огтолно гэдэг үгийг сонсоод ч уурлаагүй ш дээ? Үнэхээр дотроо л уйлсан төдий. Гэвч, одоо.........одоо..........
Дахин халуун нулимс аяандаа урсан гарлаа.
Ббурөддүга ахыг дахин буцаад ирүүлвэл. Хүүхэд Есүс ээ, Ббурөддүга ахыг эргүүлээд л өгчих, үнэхээр.
Тэр үед дэндүүгээс дэндүү зөөлөн энхрий дуу хоолой миний цээжрүү чиглэн хэлж өглөө. Тэр нь миний сууж байгаа хожуулаас гарсан нь гарцаагүй.
Хүүхэд ээ, битгий уйл. Ах нь тэнгэрийн оронлуу явсан.
Харанхуй улам өтгөрөхөд би илүү алхах тэнхэл ч, бөөлжих хүч ч байсангүй. Би Билласө Буасөгын зам дээр Дуна Эллэна авгайн гэрийн шатан дээр сууж байсан Дугдуга ахтай уулзлаа.
Ах надад нэг юм хэлсэн боловч би арай гэж нэг юм ёолох дуу гаргав.
Жэжэ, яав аа? Жаахан юм яриач.
Би их нам дуугаар үглэн гинших төдий байлаа. Дугдуга ах гэнэт цочин, духанд гараа хүргэн үзэв.
Халуун ихтэй байна шүү. Үгүй яаж байгаад ингэчихэв ээ? Жэжэ, за, хурдан гэртээ харья. Удаан алхаад үз. Би туслая.
Би өвдөж байгаа мөртлөө ингэж үглэлээ.
Дугдуга ах аа, намайг орхи. Би одоо харимааргүй байна.
Юу гэнэ ээ? Юу гэсэн үг вэ? Манай гэр шүү дээ.
Дахин тэр гэрт очихгүй. Одоо бүх зүйл дууссан.
Дугдуга ах намайг босгон зогсоох гэж хичээсэн боловч би босох чадалгүйг ойлгов.
Ах миний гарыг хүзүүндээ ороон намайг тэвэрлээ. Тэгээд намайг гэрлүү дагуулан явж авчиран орон дээр хэвтүүлэн гэрийнхнийг хайлаа.
Жандира эгч ээ, Кларра эгч ээ, хэн ч алга уу?
Энэ үед Жандира эгч орж ирэв.
Жандира эгч ээ, Жэжэ их өвдчихөж.
Эгч гоншогонон дуугарч ойртон ирлээ.
Хэм. Харсан хараагүй тодорхой. Бас хаана ч юм дүрсгүйтээд зодуулаа биз.
Тэгмэгц Дугдуга ах тэр үгэнд учиргүй уурлан дагаж ирлээ.
Үгүй ээ, жандира эгч ээ. Энэ удаад жаахан өөр. Жэжэ дэндүү их өвдөөд үхэх нь.

No comments:

Post a Comment