Tuesday, February 11, 2014

ХОЁРДУГААР ХЭСЭГ



Хүүхэд Есүс нь уйтгар гуниг дундаас төрдөг юм.
1.
Сарьсан багваахай
Хурдал аа. Жэжэ. Сургуулиасаа хоцрох нь.
Би ширээнд суугаад хатуу талх болон кофег удаанаар ууж байлаа. Үргэлж хийдгээрээ ширээн дээр хөлийнхөө өсгийг хүргэн эрүүгээ тулан суугаад хананд байгаа хуанлиг харж байв. Кларра эгч биеэ эргүүлж загналаа.
Хурдалж мэдэхгүй нь үү? Энэ золигыг. Үгүй одоо хүртэл үсээ ч самнаагүй юмуу? Чи Дугдуга ах шигээ ажилсаг байж чадахгүй байна уу.
Тэгээд өрөөнөөс сам авчиран миний шаргал үсийг самнаж өглөө.
Муур шиг золиг чинь самнаад ч нэмэргүй нь ээ.
Намайг сандал дээр босгон зогсоогоод ард урдахыг гүйлгэж харан хувцсыг минь засаж өгөв.
Одоо боллоо. Жэжэ.
Дугдуга ах бид хоёрын цүнхэн дотор ном ба дэвтэр, харандаа л хийлээ. Өнөөдөр ч бэлэн хоол юмуу зууш байсангүй. Тийм зүйл нь өөр хүүхдүүдэд л зориулагдсан зүйл юм.
Кларра эгч миний цүнхний ёроолыг онгичиж үзээд сувд байгааг мэдэн инээмсэглэлээ. Пүүзээ гартаа барин явж байгаад сургууль ойртоход л өмсдөг байсан. Гэрээсээ нилээд холдмогц Дугдуга ах удаан явж ирээрэй гээд алга болж өглөө. Тэгмэгц миний дотор нуугдан байсан сахилгагүй ад чөтгөр нойрноосоо сэрж эхэллээ. Би хэзээд тэр чөтгөрийг миний сэтгэлийг атгахуйц байлган өөрийн бодлоос илүү урд явахад дуртай байлаа.
Миний сэтгэлийг эзэмддэг тэр зүйл нь Риүсангпаүллугийн зам дээр байлаа. Тэр нь сарьсан багваахай байсан. Машины ард зүүгдэх, тэгээд хурдалж байгаа машины исгэрэх салхинд хөөрч, тэр салхыг цээжин дотроо гүнзгий мэдрэх нь хичнээн сэтгэл догдолмоор гээч. Үнэхээр тэр нь дэндүү сонирхолтой тоглоом байсан. Бид бүгд тийм зүйл хийх дуртай байсан. Дугдуга ах чанга барих хэрэгтэй гэж олон удаа анхаарууллаа. Тэр нь араас ирэх машин аюултай байсан учраас тэр юм. Гэхдээ цаг өнгөрөх тусам айдастай сэтгэл нь алга болсон. Адал явдал хийхийг хүссэн сэтгэл илүү хэцүү машиныг л барих шунал өдөөн хатгалаа.
Би энэ тоглоомд хэтэрхий автсан байсан болохоор хэдийн Раисөллөү гуайн машинд ч зүүгдэж үзсэн. Одоохондоо барьж үзээгүй машин нь португал хүний гоё машинаас өөр байсангүй.
Нэгэн өдөр сайтар арчилсан тэр гоё машин үзэгдлээ. Дугуй нь үргэлж шинэ, тэр машинд байгаа төмөр гоёлууд нь гялс гялсхийн нүүр тод харагдахуйц. Тэр машины чагнаалын дуу нь тун сонирхолтой. Яг талд байгаа үнээний амьсгалах дуугаар дуугардаг юм. Гэхдээ тийм сайхан машины эзэн нь энэ хорвоо дээр хамгийн аймаар царайтай хүн бөгөөд тийм амар үзэгдэдгүй. Хэн ч түүний машины ард зүүгдэх зориг гаргаж чадсангүй. Хүүхдүүд түүнийг хүүхдүүдийг зодож, үхэхээс наагуур болгож өгнө гэж үргэлж сүрдүүлсэн нь юу ч биш гэж шивнэлдлээ. Тэр машинд зүүгдэж үзсэн хүүхэд одоо хүртэл байсангүй. Би мингингнюд энэ тухай ярих үед тэрээр ингэж асуулаа.
Үнэхээр хэн ч зүүгдээгүй гэж үү? Жэжэ.
Хэн ч байхгүй байлгүй яахав. Тийм зориг гаргаж чадахгүй байх шиг байна.
Би мингингнюг шоолж байгаа гэж мэдрэх агшинд би юуг ч юм чимэж байлаа.
Гэхдээ чи машинд зүүгдэх үедээ галзуурдаг ш дээ.
Тиймээ. Би ч тэгж бодож байна.
Тэгж боддог нь юу вэ?
Гэхдээ инээд алдсан хүн нь би өөрөө байв.
Хурдан хэл л дээ.
Чи их сониуч зантай байхнээ.
Надад заавал хэлдэг байж. Заавал ярихгүй бол тэвчиж чадахгүй нь.
Мингингню. Сайн сонсож бай. Би 7 цагт гэрээсээ гардаг. Замын өнцөг очиход 7 цаг 5 минут. Гэхдээ 7 цаг 10 минутанд португал хүний машин хүнсний дэлгүүрийн өнцөг дээр тавиад тамхи авдаг байхгүй юу. Би хэд хоногийн турш тэр машинд зүүгдэх гээд ажиглаж байгаа юм.
Үнэхээр зүрх хүрэхгүй байна уу?
Зориг хүрэхгүй гэнэ шүү. Мингингню. Харж байгаарай. Одоо миний зүрх ойлгохын аргагүй сэтгэлийн хөөрлөөр бялхаж байлаа.
Машин зогсож тэр хүн буулаа. Мингингню сүрдэн эргэлзсэн надад урам өглөө. Сэтгэлдээ явмааргүй байсан боловч бардам сэтгэл миний алхааг шавдуулав. Би хүнсний дэлгүүрийн хажуугаар нааш цааш холхин булангийн өнцөгт нь биеэ хагас нуулаа. Би пүүзээ тайлан цүнхэн дотроо хийв. Жаахан цээжин дотор хүчтэй цохилох цохиурын дууг дэлгүүрийн доторх хэн нэгэн сонсоогүй байгаа гэж санаа зовох төдий. Тэр ажиг сэжиг авсан шинжгүй хажуугаар өнгөрлөө.
Одоо зүүгдэх үү, үгүй бол насандаа ч тэгэхгүй байх, мингингню.
Учиргүй түгшиж байгаа боловч бүх хүчээ дайчлан машины ард таг зүүгдчихлээ. Сургууль хүртэл одоохондоо нилээд хол байв. Гэхдээ найзуудынхаа өмнөөс гайхуулах бодол төрмөгц учиргүй баяслаа.
Яанаа!
Би өөрөө ч мэдэлгүй дэндүү чанга огцом хашгирчихлаа. Тэр дууг сонсоод хэн нэгэн машинд дайруулчихав уу гээд дэлгүүрийн хаалгаруу хүмүүс шавааралдлаа. Би газраас 50см өндөрт ганхаж байв. Миний чих галын дөл мэт шуугиж байлаа. Харамсалтай нь миний төлөвлөгөөнд нэг том алдаа байв. Тэр нь би хэтэрхий хөөрсөндөө машины моторын дууг сонсож чадахгүйгээр зүүгдсэн явдал байв.
Португал хүний царай аймаар аймшигтай харагдлаа. Тэрээр хоёр нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн уурлав.
Энэ айхыг мэдэхгүй золиг. Чи байсан байхнээ. Ийм жаахан золиг элэг авчих шахлаа.
Тэр миний нэг чихнээс барин газарт буулгасны дараа бүдүүн гараараа миний нүүрийг хамаа намаагүй цохилоо.
Хөөе, золиг оо. Өдөр бүр чи муу амьтан миний машиныг нууцаар харж байсныг мэдэхгүй гэж бодоо юу? Дахин ийм зүйл хийж чадахгүй байхаар хатуу засаад өгье.
Тийм доромжлолыг сонсох нь зодуулснаа хэд дахин илүү өвтгөлөө. Тэр агшинд би ч хараал хэлмээр санагдав. Гэхдээ тэр үед тэрээр намайг тавьж, миний юу бодож байгааг мэдэх гэсэн мэт миний амыг таглав.
Хэлэх юм байвал хэлж үз. Золиг оо.
Ийм байдлыг ажиглан харж инээлдэн зогсож байгаа хүмүүсээс болж миний нүд нулимс, өвдөлт, гутамшиг замбараагүй боллоо. Португал хүн үргэлжлүүлэн намайг яарууллаа.
Яагаад хараал ч хэлж чадахгүй ямар ч үг хэлгүй байна уу, золиг оо? Миний цээжнээс юу ч юм учиргүй задран оргилов. Би уурлан хор шар буцлан, хэлчихлээ.
Тэгээгүй байсан ч бодож байсан юм. Дараа том болохоороо таныг алаад өгнө өө.
Тэрээр тас тас хөхрөн, эргэн тойрны хүмүүс ч инээлдлээ.
Тийм үү золиг минь. Хурдан том болоорой. Би энд энэ байрандаа чамайг хүлээж баймз. Гэвч тэгэхийн өмнө муу амьтны дутагдалтай толгойг жаахан засаж өгөх хэрэгтэй байх даа.
Тэрээр миний чихийг тавиад хурдан гэгч өвдгөн дээрээ намайг доош нь харуулаад бөгсрүү шалхийтэл ганц алгадлаа. Гэхдээ хичнээн хүчтэй цохисон юм миний бөгс гэдсэндээ наалдах шиг боллоо. Тэгээд тэгснийхээ дараа намайг тавив. Би дэндүү хүчтэй шоолуулсан тул толгой эргэн алхаж холдлоо. Нүдэнд юу ч харагдахгүй бүх зүйл бүдгэрлээ. Риүсангпаүллугийн замд хүрэх үед л арай гэж ухаан орж, зодуулсан бөгсөө гараараа илэв.
Кубөрө шиг амьтан. Харж байгаарай. Би өшөөгөө авна даа. Заавал.
Би ингэж амандаа үглэн тангараглав. Кубөрөтай нэг тал болж тойрон байсан юмнуудаас холдмогц бөгс ч аажмаар өвдөхгүй боллоо.
Хамгийн том санаа зовох зүйл нь найзууд энэ хэргийг мэдэх байв. Мингингнюд яаж хэлэх хэрэгтэй болж байна. Тэгээд хэсэг хугацаанд Мижэриа И Пума дэлгүүрийн хажуугаар яаж өнгөрөх хэрэгтэй болж байна аа....
Намайг хараад шоолох хулчгар томчуудыг яаж тэсэж гарах нь том асуудал байв.
Эцэст нь энгийн үеэс эрт өөр замаар сургуульдаа тойрч явахаас өөр арга байхгүй гэж бодон захын ойр очлоо. Би зах дотор нийтийн угаалтуурт хөлөө угааж, пүүзээ гарган өмсөв.
Сургуулын ойр намайг түгшин хүлээж байгаа Дугдуга ахтай уулзсан боловч саяын явдлыг хэлэхгүйгээр шийдэн мэдээгүй царай гаргалаа.
Жэжэ, надад жаахан тусалж хэрэгтэй байна.
Бас юун хэрэг вэ?
Чи Бие гэдэг золигыг мэднэ биз дээ?
Ггаббанэма тосгоны тэр шар үхэр шиг золигыг хэлж байна уу?
Тийм ээ, яг тэр золиг. Өнөөдөр сургууль тарах үед тэр золиг намайг зууж хаях гэнэ. Чи тэр золигтой жаахан зодолдоод өгөхгүй юу?
Гэвч тэр амьтан намайг хагас болгоод хаяна даа.
Алж чадахгүй. Чи зодоон сайн хийдэг эрэлхэг зоригтон ш дээ.
Тэгье. Сургууль тараад гээ биз?
Тийм.
Дугдуга ах хэзээд хэрүүлийг бэлдэж, би тэр хэрүүлийг хариуцдаг байлаа. Тэхдээ өнөөдөр би сайн чадах болуу. Португал хүнтэй уурласнаа Биед гаргамаар байна даа.
Тэр өдөр би дэндүү их цохиулснаас нүд бэмбийн хавдаж, гар ч жаахан гэмтлээ. Дугдуга ах өвдгөн дээрээ номоо өргөж тавиад өөр хүүхдүүдийн хамт газарт суун дэмжлээ. Ахын нүд минийхтэй тулгарав. Тэр надад ингэ тэг гэж зааварлана.
Жэжэ, тэр золигын гэдсийг чимх. Хазаад салга. Тэр золиг гахайн өөх болохоор хумсаараа хамаагүй чимх. Тэр золигийн тэнд мөргө.
Тэгж дэмжлэг өгч заасан боловч талхны дэлгүүрийн эзэн Ружэнбэрөкө гуай ирж хориглоогүй бол би тэр өдөр хагас үхэх байсан байх. Тэрээр Бигег чирч гараад энгэр заамыг нь барьж сэгсэрлээ.
Ичихгүй байна уу? Бүгд том золигнууд байж ийм жижигхэн жаалтай зодолдоно гэдэг чинь.
Ружэнбэрөкө гуай Рара эгчид санаатай байв. Тиймээс тэр намайг амархан ойлгож, эгчтэй цуг байхдаа надтай таарвал тэр гэрэлтсэн ан цав гарахад байдгаараа инээн амттай чихэр болон боов өгдөг байв.
Би дэндүү хэцүү байсан болохоор мингингнюд надтай тохиолдсон явдлыг хэлж чадсангүй. Түнтийн хавдаж, улайн хөхөрсөн нүдийг нууж чадсангүй. Аав ийм намайг хараад толгойруу хэд хэдэн удаа тоншиж, Дугдуга ахад үглэлээ. Гэвч аав одоо хүртэл нэг ч удаа Дугдуга ахад нэг ч удаа зодсон удаагүй. Гэр дотор би л бүх хэргийг тарьдаг болж, хэзээд би л зодуулдаг байв. Мингингню бүгдийг ойлгохсон доо. Би яаж хэлэхгүй байх билээ. Намайг ярьж дуусгах үед дуугүй сонсож байсан тэрээр машид уурлах адил ганц үг хэллээ.
Тэнэг юм шиг.
Дараагынхыг нь сонсвол саяын тэр хэрүүл юу ч биш.
Би тодорхой гэгч нь тэр сарьсан багваахайтай адил машинтай өдөр тохиолдсон явдлын талаар илэн далангүй ярилаа.
Мингингню миний эр зоригт сэтгэл нь хөдөлсөн мэт намайг тайвшруулж өгөв.
Хэзээд хариугаа авах өдөр ирнэ ээ.
М. Өшөөгөө авалгүй яахав. Том Мигсийн бууг зээлээд Фрэд Томсоны морийг бас зээлээд команч идиануудтай урхи хийнэ. Нэг өдөр тэр амьтны толгойг шорон дээр өлгөж зүүн салхинд намируулсаар ирэх болно.
Тэгээд тэр хилэгнэсэн нь түр зуур намдан, өөр зүйлийн талаар ярилаа.
Сюрүрү, огт мэдэхгүй биз дээ? Би өнгөрсөн долоо хоногт тэргүүний сурагчаар сонгогдон Шидэт сарнай гэдэг номоор шагнуулсан.
Мингингню намайг Сюрүрүга гэж дуудвал тэгтлээ хөөрдөггүй. Тэгж дуудах үед би түүнийг хичнээн нандигнадгыг сайн мэддэг юм шиг санагдана.
Тийм ээ, мэднэ.
Аа, золиг гэж тэр номны талаар хэлээгүй юм байна шүү. Тэр нь жонон ойн дагинаас улаан цагаан сарнайг олсон тухай яриа. Ямар нэг аюул тулгарсан ч тэр шидэт сарнайгаа хөдөлгөвөл өтгөн утаа гарч, жонон амархан зугтааж чадна. Тэгэхдээ байна аа мингингню, би тэр яриаг сонсоод их инээд хүрсэн. Тийм адал явдал нь миний хийхийг хүссэн зүйл биш. Би Том Мигс юмуу Бог Жонсын хийдэг адал явдалд илүү дуртай. Фрэд Томсон, Ричард Талмэжи нарын хийдэг тийм адал явдал. Тэд буу болон нударгаар хөгжилтэй зодолдон адал явдал туулдаг. Хэрвээ тэд ямар нэг аюул тулгархад шидэт сарнай мэтийн зүйлийг хөдөлгөвөл үнэхээр өчүүхэн ч сонирхолгүй. Сюрүрүгга, чи юу гэж бодож байна.
Жэжэ, чиний зөв өө. Надад ч бас сонирхолгүй.
Гэвч миний мэдэхийг хүссэн зүйл тэр биш. Тэр сарнай үнэхээр шидтэй байж чадах уу гэдэгт байна.
М. Үнэндээ жаахан хачин л юм.
Хүмүүс бүх хүүхдүүд ийм яриаг сонсоод тэрэнд нь итгэдэг гэж боддог шиг байна.
Харин ээ. Өөр хүүхдүүд тэгдэг ч байж магадгүй.
Хэн нэгэн ирж байгаа чимээ сонсогдлоо. Рүис ирж явлаа. Миний дүү Рүис уйланхай ч биш, сахилгагүй хүүхэд ч биш томрох тусмаа хөөрхөн болж байв. Хэзээд дүүгээ асарч байх хэрэгтэй боловч Рүисийг харах нь хөгжилтэй байдаг.
Би мингингнюд хэллээ.
Өөр юм ярих уу? Би тэр яриаг ярьж өгвөл тэр золиг их сонирхон сонсох болно. Хүүхдүүдийн мөрөөдлийг хааж боож болохгүй.
Жэжэ ахаа надтай тоглооч.
Одоо ч тоглож л байна ш дээ. Яаж тогломоор байна.
Амьтны хүрээлэн болж тоглоё.
Би учиргүй тамирдан ядарсан хар эм тахиа, хоёр дэгдээхэйтэй тахианы байрлуу өнгийн харлаа.
Дэндүү оройтсон. Арслангууд хэдийн орондоо орж, бар ч гэсэн тэгсэн. Одоо бүгд хаалгаа хааж, тасалбар ч зарахгүй байгаа.
Тэгвэл Европ аялал нь ямар вэ?
Энэ дэггүй хүүхдэд мэдэхгүй үг байхгүй шүү. Нэг удаа сонссон үгээ мартдаггүй байна. Тэхдээ би европ аялал ч хиймээргүй байв. Би зөвхөн мингингнютэй л хамт баймаар байлаа. Мингингню намайг цочоодоггүй, хавдсан нүдийг минь учиргүй шагайж ч харахгүй....
Би Рүисийг хажуудаа суулгалаа.
Би нэг тоглоом бодож олох болохоор жаахан хүлээж бай.
Яг тэр үед азын эцсийн шийдвэр ой хөвч ба сюрүрүгийн навч, нахиаг хөдөлгөн цагаан үүлэн дотор нисэж явлаа. Инээмсэглэл бөөн баяр хөөртэйгээр миний царайг дүүрэн гэрэлтүүллээ.
Саяхан чи тэгсэн үү? Мингингню.
Би биш.
А, гоё. Одоо салхи үлээж байна.
Гудамжинд салхи үнэхээр олон. Сувд хэлхэх салхи, эрчигнүүр эргүүлэх салхи, жүжигчдийн зураг цуглуулах салхи. Тэр дундаас хамгийн сэтгэл хөөргөх зүйл нь цаасан шувуу нисгэх салхи байв. Тэр нь хамгийн сайхан.
Тэр үед тэнгэр нь олон янзын гоёмсог цаасан шувуугаар пиг дүүрдэг юм. Сайхан сүүлтэй цаасан шувуу ч байна. Эмх замбараагүй болсон агаарт толгойгоо шидэх, сүүлээ шидэх, өндөрт гарах ба сүүлд нь сүүлчийн болох уяа таслах хэрүүл ч гардаг байв.
Хүндийн төвөө олохоо байсан цаасан шувуу нь өндөрт тээр тэнгэрт хоосон эргэлдэн буун ирж, энэ бүгд хичнээн сайхан гял цал гээч.
Бүх хорвоо хүүхдүүдийнх болчихдог. Банггү хотын бүх гудамж баяр хөөрөөр догдолдог. Тийм баяр хөөр алга болсны дараад хатингар гавал мэт яс нь л үлдэж, цахилгааны утсанд зүүгдсэн цаасан шувуу заримдаа цахилгааны компаны барилгын машинд хэрцгийлэл амсдаг юм. тэр хүмүүс цахилгааны шугамд саад боллоо гээд хэдийн үхчихсэн тэднийг тэр өрөвдөлтэй цаасан шувуудын бөндгөрийг дахин хэрцгийгээр урдаг. Салхи салхилан бас дахин салхилна.
Салхитай зэрэгцэн бодол ч урган гардаг.
Рүис аа, бид ан хийж тоглоё?
Би морь унаж мэдэхгүй ш дээ.
Чи жаахан том болвол унаж чадна аа. За энд томоотой сууж бай. Яаж унахыг сурах хэрэгтэй болохоор.
Гэнэт мингингню энэ хорвоо дээрх цорын ганц сайхан унага боллоо. Салхи жаахан хүчтэй үлээхэд толгодын зөөлөн зүлэг ногоон тал болон хувирлаа.
Миний ковбой өмд алтан өнгөөр чимэглэгдэв. Миний цээжинд аюулгүйн малгайны мөнгөн од гялалзаж байна.
Давхиарай. Унага аа, давхиарай, давхи.
Тарчиг түрчиг. Хэдийн Том Мигс болон Фрэд Томсон ирчихсэн байв. Бог Жонс нь энэ удаад ирэхгүй гэлээ.
Ричард өөр зохиолд тоглож байгаа.
За, давхиарай, унага аа. Өргөн их тал усны үхрийн сүргээр дүүрэн байна. Буугаараа буудаарай. Банг банг, танг танг, пиүнг пиүнг.......
Индианы хурц жаднууд үүнг үүнгхийн агаарт сүнгэнэн нислээ.
Морь унасан хүн асүрагаас морь нь галзуурсан мэт хурдаар давхин гарч түүний ард үлдэх тоос үүл адил, Рүис айсандаа цочин хашгирав.
Жэжэ ах аа, Жэжэ ах аа.
Би морио аажуухан зогсоож, хөлсөнд норсон нүүрээ хурдан доошлууллаа.
Юу гэсэн үг вэ? Усны үхрийн сүрэг хажуугаар чинь өнгөрөө юу?
Үгүй. Өөр тоглоомоор тоглоё. Индианууд дэндүү их. Би айж үхлээ.
Тэр чинь. Индианы апачи овог. Бүгд найзууд.
Тэглээ ч гэсэн би айж байна.

No comments:

Post a Comment